www.unuudur.com » ХИЙН ХООЛОЙ ЯАГААД МОНГОЛООР ДАЙРАХ ЁСТОЙ ГЭЖ?

ХИЙН ХООЛОЙ ЯАГААД МОНГОЛООР ДАЙРАХ ЁСТОЙ ГЭЖ?

[Нийтэлсэн: 14:19 02.11.2011 ]

www.unuudur.com

Нийслэлийн нутгийн зөвлөл ТББ-аас “Орос хятадыг холбосон байгалийн хийн хоолойг монголын нутгаар дайруулан өнгөрүүлэх санаачлага” гаргаад, иргэдээр дэмжүүлж гарын үсэг зуруулаад яваа. Харин яагаад гэдгийнх нь талаар тогтож яривал ямар вэ?Байгалийн хий бол одоогоор хүн төрөлхтөнд мэдэгдэж байгаа хамгийн цэвэр, хямд, хүртээмжтэй, тээвэрлэхэд хялбар түлш юм. Өвөлдөө утаанд умбаж, иргэдийнхээ эрүүл мэндийг нүүрсээр буртагладаг Улаанбаатарынхны хувьд энэ нь л сонирхол татаж байгаа ажээ. Утаанаас үүдэлтэй агаарын бохирдлын хор хохирлын талаар элдэв тоо баримт байнга л хөвөрч, сэтгэл хирдхийлгэсээр удсан болохоор ахин нуршаад яах вэ. Ганцхан л баримт дурдъя. Өнгөрсөн зун монголд буудаллаж, нүдний өвчтэй хүүхдүүдэд буяны гараа сунгасан олон улсын эмч нарын Орбис эмнэлэгийнхний хэлж байснаар бол монголд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг бага насны хүүхдийн харааны гэмтэл, согог илэрхийлж байгаа гэнэ. Энэ нь санаа зовоох хэмжээнд хүрснээс тэд монголын хүүхдүүдэд тусламжийн гараа сунгажээ. Гээд цаашилбал хичнээн хүүхэд амьсгалын замын өвчинд нэрвэгдэж, хичнээн хүн хөрсний бохирдолтой холбоотойгоор өвчилж, үхэж байгаа гэдгийг дурдахаас ч айж байна.

Улаанбаатарчуудын энэ зовлон зарим хүний хөлжих хэрэгсэл болон хувирсаар байгаагийн нэгэн жишээ нь Эм Си Эс гэх ямагт төрийг түшиж, түмнийг мөлжсөн бизнес хийж ирсэн нэгэн компанийн шахаж буй 70 мянган утаагүй зуух гэгч болж байна. Бүрэн шаталтат “Хас”, “Өлзий” зуух гэх сүржин нэртэй энэ зүйлсээ тэд туркээс импортлож байгаа гэдэг. Гэтэл туркийн нийслэл Анкара ийм зуухны ачаар бус байгалийн хий ашиглах болсныхоо үр дүнд л утаанаас салжээ. “Хас”, “Өлзий” зуух гайхалтай байсан бол туркууд Хар далай доогуур хөрөнгө зарж оросоос хийн хоолой татах хэрэг юу билээ?

Манай судлагааны баг Анкарагийн оршин суугчдаас ны талаар мэдээлэл сонсох гээд чадсангүй, зургийг нь үзүүлээд ч ойлголцсонгүй. “Утаа гаргалгүйгээр нүүрс түлдэг зуух” гэж үлгэрт л байдаг байх гэж туркчууд инээд алдан хариулж байна. Тэд байгалийн хийнээс өөр утаагүй түлш мэдэхгүй, турк супер зуух, түүнийг үйлдвэрлэгч Сильвер группын талаар бол бүр юу ч мэдэхгүй байлаа. Харин туркт амьдардаг монгол иргэд бидэнд зүг гаргаж өгсөн нь Стамбул хавиар байх нэг жижиг компанийн эзэн монголчуудтай их холбоотой ажилладаг. Тэрээр монгол ноёдын мөнгө угаах замыг засаж, зуух маягийн зүйл нийлүүлэх болсон гэж дуулсан ажээ. Зуухны өртөг 45 доллар орчим гэнэ. Харин энд монголчуудад хэлж байгаа үнийг төлбөрийн даалгавар дээрээс нь харвал тэнгэрийн үнэ байх ажээ.

Энэ баримтаас бол зуухны үнэ 475 мянга 250 төгрөг гэж ойлгогдож байна. Эм Си Эс компани иргэдийг харж үзэж 70 мянгаар өгч байгаа гэж мунхруулаад үнэн хэрэгтээ Мянганы сорилын сангаас манай улсад үзүүлж буй 285 сая долларын 47.2 сая долларыг нь агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төслийн нэрээр “хусаж” байгаа ажээ. Дээр нь Улаанбаатар хотын захиргаанаас зарагдсан зуух бүрээс 200 мянган төгрөг нөхөн төлбөр болгон авч байгаа гэвэл тэдний ашиг орлого хар тамхины наймаачид атаархах хэмжээнд байгаа болж таарч байна.

Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Эм Си Эс компанийн борлуулалтыг дэмжих, иргэдийг шахах зорилгоор 3 шатлалтай хязгаарлалтын бүс гэгчийг бий болгосон нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал болоод байна. Үндсэн хуулиар бол хүн амьдрах аж төрөх газраа чөлөөтэй сонгох эрхтэй. Гэтэл “Эм Си Эсийн зуухыг худалдаж аваагүй хүн хотод амьдарч болохгүй” гэсэн шийдвэрийг Г.Мөнхбаяр гаргалаа. Гурван бүсэд амьдарч байгаа 11 мянга + 34 мянга + 18 мянга нийт 53 мянган айл өрх “Эм Си Эс гэж компанид орлого оруулаагүй” гэдэг үндэслэлээр нутаг заагдах, хөөгдөх ч юм шиг хачин шийдвэр гаргасан хотын удирдлагыг юу гэж ойлгох вэ?

“Заавал ав, авахгүй бол хорооны дарга нар чинь харж байгаад нүүлгэн хотоос хөөнө шүү” гэж айлгаад байхаар нь хамаг мөнгөө шавхаж авсан зуухны шидийг нь үзэх гэсэн Чингэлтэй дүүргийн иргэн 12-р хорооны Ж.Цоггэрэлийн гэр бүл “утаагүй зуухны” утаанд хордон Хордлого тайлах төвд хүргэгдсэн мэдээ цацагдлаа. “Дахиад хэдхэн л минут болсон бол бүгд өнгөрөх байсан гэж эмч хэлсэн” хэмээн эхнэр Батчимэг нь дурсав.

Уг нь “MCS холдинг″ компани жилд 100 мянган тонн нүүрсийг хийн болгон хотынхонд нийлүүлж утааг үлдэн хөөх маягийн зүйл анх ярьж байснаа явцын дунд утаагүй зуух оруулж ирэх болгочихожээ. Төмөр замд зориулах ёстой байсан Мянганы сорилын сангийн 180 сая долларыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “илүү хэрэгцээтэй салбарт нь зарцуул” хэмээн шилжүүлснээр MCS-ийн дуусдаггүй үунал оволзож, тэр мөнгөнөөс яаж саах гэсэн донд автсан бололтой. Ингээд нүүрс хийжүүлэх санаа нь явсаар зуух шахах болж хувирсан байна. Үр дүнд нь тэд 47,2 сая долларыг цусгүй “цуслаж”, дээр нь Улаанбаатар хотын захиргаанаас зуух бүр дээр 200 000 төгрөгийн бонус шимж байна. Зөвхөн хотын захиргаанаас нөхөн олговор гэж авч байгаа мөнгө нь 70 000 х 200 000= 14 тэрбум төгрөг Ж.Оджаргал хэмээх эрхэмийн ам руу гуд хийн орж байна.

Утаагүй зуух борлуулагч-захирал Т.Ганболд өдөрт 700 айлд зуух “шахах” зорилт тавьж, хүчин чадлаа нэмж ажиллаж байгаа гэж сайрхжээ. Тэд анх Улаанбаатарын утааг 30 хувь бууруулна гэж чанга дуугарч байснаа “багасах байх гэж найдаж байна” гэсэн үгээр сольсон бол Агаарын чанарын албаны ажилтнууд “ядаж 10 хувь буурчихаасай” хэмээн хэвлэлээр залбирав. Харин бүх асуудлыг бодитойгоор мэдэж байгаагийн хувьд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Мэдээж утаагүй зуух гэж юу байх билээ. Зуух юм чинь утаа гарч л таарна” гэж мэлзсэн байна.

Ийм увайгүй наймааны золиосонд Улаанбаатарчууд сүүлийн 10 жил хохирлоо. Энэ бүхэнд цэг тавих, агаарын бохирдлыг бууруулах бодитой арга зам нь хийн хэрэглээ, орон сууцжуулалт хоёр л байна.

Байгалийн хийн дэлхийн нөөцийн 25 хувийг эзэмшдэг хойд хөрш маань 2010 оны 9 сард БНХАУ-тай хийн нийлүүлэлтийн гэрээ байгууллаа. 2006 онд «Газпром», «Хятадын Үндсэний Нефть-хийн корпораци»(CNPC) энэ талаарх протоколд гарын үсэг зурж байснаас хойш царцанги байсан ажил урагшилж гэрээ болон өргөжсөн нь энэ. Байгалийн хийн хоолой 2015 онд ашиглалтанд орсон байхаар хоёр тал тохиролцсон ч хаагуур явуулах замаа хараахан тогтоогүй байгаа нь бидний хувьд завшаан юм. ОХУ-ын зүгээс “Алтай” хэмээх 11-р чиглэлээр Казахстан, Монгол хоёрын хоорондох жоохон зайгаар хятад руу хоолой явуулна гэсэн төсөөлөл гаргасан. Энэ зам ЮНЕСКО-ийн байгалийн үнэт өвийн жагсаалтад багтсан дархан цаазат нутаг Укокийг дайрах болж байгаа нь оросын байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарч байна. Алтайн онгон байгалийг хадгалж үлдэхийн тулд байгалийн хийн хоолойг тэр нутаг дээгүүр явуулахгүй гэсэн 30 мянган иргэн Засгийн газартаа эсэргүүул илэрхийлж, гарын үсэг зураад байна.

Харин нийслэлчүүд бид манай нутгаар дайруулаач хэмээн уриалж 10 мянган гарын үсэг цуглуулж байна.

БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээнд одоогоор 4% эзлэж байгаа байгалийн хий энэ хоолойг татснаар 10%-д хүрч 2020 гэхэд жилд 300 тэрбум куб метр хэмжээтэйгээр нийлүүлэгдэх юм. Энэ нийлүүлэлтийг хангах хоолойг монголын нутгаар дамжуулах нь техникийн болоод өртөг зардлын хувьд хамгийн боломжтой хувилбар гэдэг нь судлагаагаар тогтоогдсон. Гэвч Алтайн хязгаарын захирагч Александр Бердников Горно-Алтайскт болсон хурал дээр «казахын нутгаар» эсвэл «монголын нутгаар» хийн хоолойг дайруулах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч «улс төрийн эрсдэл» ихтэй гэж мэдэгдсэн байх юм.

Нийслэлийн нутгийн зөвлөлийн санаачлагад нэгдсэн иргэдийн гарын үсгийг удахгүй Ерөнхий сайдад гардуулах бөгөөд С.Батболд Шанхайн хамтын ажиллагааны уулзалтанд оролцох үеэрээ хөрш орнуудын удирдагчдад гардуулах юм байна.

Хэрвээ энэ санаачлага ажил хэрэг болох юм бол Эм Си Эс мэтийн бусдын зовлонгоор жаргал хийгчдийн луйвар дундарч, ард олон цэвэр агаартай жинхэнэ утгаараа золгох болов уу хэмээн найдаж, дэмжиж, ерөөснөөр өгүүллээ өндөрлөе дөө.

Сайн үйлс бүтэх болтугай !

Ангилал:

Онцлох



Шинээр

Mongolia Celebrates 60 Years in the United Nations
[Нийтэлсэн: 03.11.2021 ]
[Эх сурвалж: ]
SouthGobi Announces Profit Warning and Business Update
[Нийтэлсэн: 29.10.2021 ]
[Эх сурвалж: ]
Coal truckers stuck at Mongolia-China border
[Нийтэлсэн: 29.10.2021 ]
[Эх сурвалж: ]
Chile protests take toll on Antofagasta quarterly output
[Нийтэлсэн: 23.01.2020 ]
[Эх сурвалж: ]
Metallurgical coal prices starting to slip: Fitch
[Нийтэлсэн: 02.10.2018 ]
[Эх сурвалж: ]
Copper price plunges to 1-year low
[Нийтэлсэн: 14.07.2018 ]
[Эх сурвалж: ]
Global Religion and the United Front: The Case of Mongolia
[Нийтэлсэн: 11.07.2018 ]
[Эх сурвалж: ]
Thermal coal prices hit 6-year high
[Нийтэлсэн: 09.07.2018 ]
[Эх сурвалж: ]
Former Rio Tinto exec jailed for corruption in China let free
[Нийтэлсэн: 09.07.2018 ]
[Эх сурвалж: ]

Get Flash to see this player.