www.unuudur.com » Хантингтон ингэж хэлсэн юм

Хантингтон ингэж хэлсэн юм

[Нийтэлсэн: 08:35 10.06.2014 ]

www.unuudur.com

Харвардын их сургуулийн профессор, стратеги судлаач, доктор Сэмуэль Филлипс Хантингтон асны тэртээ 1993 онд бичсэн “Иргэншлүүдийн мөргөлдөөн” нийтлэл нь ХХI зууны эхээр олон улсын тавцнаа өрнөх үйл явцуудыг ихээхэн бодитоор таамаглаж чаджээ. 21 жилийн өмнө их эрдэмтэн С.Хантингтон:

- Арабын ертөнцийн улсуудын засгийн эрхэнд лалын тулгуур үзэлтнүүд гарах тухай

- Өмнөд хятадын тэнгис дэх бүлэг арлуудын эзэмшлийн маргааны улмаас Вьетнам, Хятад хоёр сөргөлдөж, дайны байдалд хүрэх тухай

- Судан хоёр хуваагдах тухай

- Украины хуваагдлын тухай маш зоригтойгоор төсөөлж, таамагласан нь бидний нүдэн дээр ээлж дараалан биелсээр байна.

С.Хантингтон Крымыг алдснаар Украины хуваагдал эхлэнэ гэж таамаглан зөгнөсөн нь 2014 оны хавраас биеллээ олж эхлэсэн юм. Уг нь тэр энэ үйл явцыг арай эрт 2011 оны хавьд тохиох болов уу гэж төсөөлж байжээ. Хантингтон Украин дахь зөрчлийг үндэстэн хоорондын гэхээсээ иргэншлийн мөргөлдөөн гэж үзсэн юм. Украины баруун хэсэг нь католик шүтлэгтэй, барууны иргэншлийн нөлөөлөлтэй бол зүүн хэсэг нь үнэн алдартны иргэншилд хамаардаг. Зөвлөлт засгийн жилүүдэд Украины баруун нутгууд өөрсдийнх нь соёлыг “оросчилж” байна хэмээн эгдүүцдэг байсан бол 1994 оноос хойш хойш зүүн нутгийнхан өөрсдийг нь “украинчилж”, «украинаар сэтгэхийг» шаарддаг хэмээн ундууцаж эхэлжээ. Энэ сөргөлдөөн даамжирсаар эдүгээ иргэний дайнд хүргэх ч магадлал үүсээд байгаа билээ.

Украины хуваагдлын талаар ХХ зууны зартай үзмэрч, болгар эмгэн Ванга хүртэл зөгнөж “Крым нэг эргээс тасарч, нөгөө эрэгт очиж нийлнэ” гэж хэлсэн нь ч бий. Тэр цагт “бүхэл бүтэн хойг яаж тасраад явах вэ дээ” гэж гайхаж, шоолж байсан хүмүүс биеллийг нь нүдээр үзэв. Ванга эмээгээс ялгаатай нь С.Хантингтон стратеги судлал хэмээх шинжлэх ухааны онол, гаргалгаанд тулгуурласан юм.

Хантингтоны Монголын талаарх таамаглал ба биелэл

Heartland-ын гүнд landlocked буюу далайд гарцгүй байрлалтай Монгол улсын хувь заяа ХХI зуунд хэрхэх талаар их сэтгэгч С.Хантингтон цухасхан боловч дурдаж, таамаглаж байлаа. Буддын иргэншилд хамаарах Монгол улс ортодокс, синик гэсэн хоёр аврага иргэншлийн завсарт оршдог нь тусгаар тогтнолыг нь эмзэг болгох гол хүчин зүйл гэдгийг С.Хантингтон анхааруулж байлаа. Түүний онолоор бол “Соёлын шинжтэй ноцтой зөрчлүүд иргэншлүүдийн зааглах (демаркаци хилийн) шугамын дагууд өрнөх болно.
 Ийм зөрчлийн үндэс нь гадаад бодлогын дараах сонгомол асуудлууд байх юм:

3. Худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх маргаанаар илэрдэг эдийн засгийн хүчин чадал, нөөц баялгийн асуудал

4. Хүн ам зүйн асуудал. Нэг иргэншлийг төлөөлсөн улс нөгөө иргэншлийн хүрээнд амьдарч байгаа үндэс нэгт хүмүүсийг хамгаалах, өөр иргэншлийг төлөөлсөн цөөнхийг ялгаварлан гадуурхах, нутгаасаа гаргахыг оролдох зэргийг энд авч үзнэ.

5. Yнэт зүйлс, соёлын асуудал. Аль нэг улс өөр иргэншлийн ард түмэнд өөрсдийнхөө үнэт зүйлсийг тулган хүлээлгэх, соёлдоо хүчээр оруулахыг оролдох үед үүсдэг зөрчлийг энд авч үзнэ.

6. Хүчтэй, том иргэншлийг төлөөлж буй улс нь иргэншлийг зааглах шугамын дагууд өрнөх зөрчилд оролцогч болсон үед газар нутгийн маргаан зайлшгүй үүсдэг.

Гол нь С.Хантингтон энэ онолынхоо дагуу орос, хятадын иргэншлийн хооронд 2015 оны үест сөргөлдөөн үүсч, үр дүнд нь монголыг 47 дугаар өргөрөгөөр хуваагдна хэмээн таамаглажээ. Тэрээр “Дайны эхэнд Хятад Орост хандан харилцан аюулгүй байдлын гэрээ байгуулахыг санал болгоно. Энэ нь Гитлер-Сталины пактыг санагдуулахуйц гэрээ байх болов уу. Гэвч хятадын зүүн өмнөд Ази руу хийсэн газар нутгаа тэлэх явуулгуудын хүрсэн амжилтууд Орост эргэлзээ төрүүлнэ. Хятад алхам бүртээ ялж, Зүүн Азид хязгааргүй ноёрхох болж байгаа нь Москваг айдаст автуулна. Ингэснээр Оросын бодлого Хятадын эсрэг чиглэлтэй болж, Сибирь дэх цэргийн бүлэглэлээ бэхжүүлэх арга хэмжээ авч эхлэнэ. Цагаачдад хатуурхах, хөөх болсноор сибирьт суурьшсан үй олон хятад суурьшигчид босч, түйвээнэ. Эх орон нэгтнээ хамгаалах үзэл баримтлалынхаа дагуу Хятадын Ардын Чөлөөлөх Арми интервенц хийж, Владивосток, Амар мөрний сав газар, Дорнод Сибирийн бусад чухал хэсгийг эзлэхээр оролдно. Орос, Хятадын хооронд Төв Сибирьт байлдаан өрнөх зуур Хятадын “протекторатыг″ эсэргүүцсэн бослого Монголд дэгдэнэ” гэх зэргээр зураглаж төсөөлж байлаа.

Хантингтоны таамаглалын дагуу “47 дугаар өргөрөг” гэх ойлголтыг бий болгох, хөгжүүлэх гэж монголын парламентчид 2009 оноос хойш оролджээ. Анх УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Р.Буд, Я.Санжмятав нар “Ашигт малтмал эрэх хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах экологийн ногоон бүсийн тухай” гэх сүржин нэртэй “Монголын газар нутгийг хөндлөн огтолсон 47 дугаар өргөрөгөөс хойш уул уурхай ашиглахгүй, онгон зэрлэгээр нь хойч үедээ хүлээлгэж өгөх” хуулийн төслийг санаачилж байжээ.

Тухайн үед нийтлэлч Баабар тэдний санаачлагыг эсэргүүцэн “Ер нь нутаг дэвсгэрээ аль болох бага хуваах, цөөхөн хэсэглэх нь аюулгүй байдлын нэг үндэс. “Хуваасны хэрээр хуваагдана” гэж латины мэргэн үг ч бий. Профессор Хантингтон “Иргэншлүүдийн мөргөлдөөн” номдоо 2015 онд Хятадууд Монголын хагасыг эзлээд хойш давших үед нь оросууд хатуу анхааруулга өгснөөр хоёр тал 47 дугаар өргөрөгөөр таслагдсан шинэ хил үүсгэнэ. 47 дугаар өргөрөгөөс өмнөх нь Хятадын харъяа болно гэж байсан. Ер нь ч ийм юм болохгүй биз. Горьдсоны гарз” (baabar.niitlelch.mn/content/115.shtml) гэж бичиж байлаа. Баабар монгол хүнийхээ хувьд тийм төсөөллийг таашаахгүй нь мэдээж. Гэвч бодит байдал түүний сайхан сэтгэлтэй хамааралгүй бололтой.

Хантингтоны дараа үеийн агуу стратегич Параг Ханна түүний хятадын тэлэлтийн талаарх төсөөлөлд нь бага зэрэг засвар хийсэн юм. Ингэхдээ Хантингтоны өөрийнх нь онолыг баримталсан гэдгээ хэлдэг. С.Хантингтон “тэргүүлэх гүрнүүд бие биенийхээ эсрэг цэргийн хүч шууд ашиглахыг түвддэггүй” гэж онолдсон. Үүний дагуу “Хятад заавал цэргийн хүч ашиглахыг бус түрээслэх, худалдаж авах замаар колонийг бий болгох боломжтой” гэж Параг Ханна үзэж байна. Тэрээр TED сүлжээнд тавьсан “Улс орнуудын ирээдүйн газрын зураг” илтгэлдээ “Монгол буюу Mine-golia. Хятадын компаниуд тэнд зэс, нүүрс, цайр, алтны уурхайнуудыг эзэмшиж, нөөцийг нь урагшаагаа эх газрын хятад руу зөөдөг. Хятад монголыг эзлэхгүй ээ. Зүгээр л худалдаад авчихна. Одоо колонийг эзлэх бус улсуудыг худалдаад л авчихдаг болсон шүү дээ” гэж дурдсныг энд ахин сануулмаар байна.

Оросын эрдэмтэн, цэрэг-стратеги судлаач Александр Храмчихин Хантингтоны онолд тулгуурлсан төсөөллөө 2005 онд “Китайское вторжение: сценария-2015″ гарчигтай нийтлүүлжээ. “Оросын дорнод хэсгийг эзлэхэд хятадад 7 хоног хангалттай” гэсэн санааг тэрээр дэвшүүлээд, “Ланжоугийн цэргийн тойргоос явган цэргийн 10 дивиз монголын нутагт нэвтрэн 47 дугаар өргөрөг хүртэл хяналтаа тогтоох ба тэд цаашдаа Тувагийн нутагт цөмрөх бэлтгэлийг хангахаар чармайх болно” гэж таамаглажээ.

 

А.Храмчихин болон С.Хантингтон нар хятадыг нутгаа тэлэхдээ цэргийн хүч ашиглахаар төсөөлсөн нь тэдний гол алдаа гэж бусад судлаачид үздэг. Түүхийн маш урт хугацааны туршид хятадууд цэргийн хүч ашиглахаасаа эдийн засаг, соёлын түрэмгийллийг илүүд үзэж ирсэн үндэстэн юм.

Тохиромжтой цагийг тэвчээртэй хүлээх хятад стратеги биеллээ олох мөч нь монголын хувьд яг одоо болж байна. China mining boom-ийн үед жаахан нүүрс зарж, мөнгөний амтанд орсон монголын улс төр, бизнесийн зүтгэлтнүүд тансаглал, өндөр хэрэглээгээ санагалзсаар байгаа юм.

“Улсынхаа эдийн засагт гал асаасан, долларын ханшийг алдаж, орлогогүй болгон, амьдрал доройтуулсан” зэрэг зэмлэлийг ард түмнээс болон сөрөг хүчнээс байнга сонсож байгаа эрх баригчид дунд ихээхэн хэмжээний нүүрсний урьдчилгаа хятадаас авах замаар асуудлыг шийдэх эрмэлзэл бүхий бүлэг бодитоор бий. Тэд түүхий эд зөөх нарийн төмөр замыг 4 чиглэлээр тавих замаар хятадтай найрсаж, шанд нь ихээхэн хэмжээний мөнгө 20 жил зөөх нүүрснийхээ урьдчилгаа хэлбэрээр авахаар чармайж байгаа ажээ. Чалко-гоос урьдчилгаа аваад баларсан түүх тэдэнд сургамж болсонгүй. Эдийн засгийг аврах 100 хоногтоо амжиж мөнгөний тохироог хийхээр хичээж байгаа болов уу.

Үүнтэй зэрэгцээд Хүрээнд сууж байсан хятад сайд Чен И “Гадаад Монголын жич хойчийг сайжруулах 64 хууль зүйл” гэх хөтөлбөр маягийн юмыг Улсын дээд, доод хурлаар батлуулах гэж чармайсан түүх давтагдлаа. Саяхан Гадаад хэргийн болон Уул уурхайн сайд нараас засгийн газарт “Монгол улсыг дунд болон урт хугацаанд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр” гэх зүйлийг БНХАУ-ын Элчин сайдын хамтаар боловсруулсан тухайгаа албан бичгээр илэрхийлэн, өргөн барьжээ. 100 жилийн өмнө хятад элчингийн боловсруулсан бичиг баримтыг Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд гүн Б.Цэрэндорж, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд шанзав Г.Бадамдорж нар барьж гүйж байсан бол одоо Гадаад хэргийн сайд, Уул уурхайн сайд хоёр өргөн барьлаа.

Монголын парламент, Засгийн газар бие дааж Хөгжлийн хөтөлбөр боловсруулах чадваргүй болов уу, эсвэл ЗХУ-ын Төлөвлөгөөний комиссоор 5 жилийн төлөвлөгөөгөө зохиолгодог байсан үеэ санагалзан урд хөршөөр зохиолгох дээрээ тулав уу гээд үйл олон асуулт эндээс ургана. Ямар ч байсан “Түүх давтагддаг, ингэхдээ эхний давталт нь эмгэнэл, харин хоёрдахь давталт нь марзагнал болдог” гэж К.Маркс хэлсэн нь үнэн болохыг монголчууд харж байна. Энэ давталт харин эмгэнэл нь үү, марзагнал нь уу?

Нэг талас харвал Хятадын эдийн засгийн өсөлт, хөгжил хөрш Монголд таатай боломж олгож байгаа. Нөгөө талаараа бол эдийн засгийн хувьд монголыг аажмаар эзэмдэж, бүрэн хараат болох явц тасралтгүй өрнөсөөр байна. Харамсалтай нь энэ явцыг монгол талаас илүү санаачлагатайгаар хийгээд байгаа төлөв ажиглагдах юм. “1990 оны Ардчилсан хувьсгал тэгвэл юуны төлөө байсан юм бэ?” гэж харуусах бодол төрнө. Нэг хөршийн хараанаас гараад аажмаар нөгөө хөршийнхөө хяналтанд шилжих гэж бид жагсаж, тэмцсэн болж таарав уу.

Хятадын төмөр замын үндэсний үзэл

47 дугаар өргөрөг хүртэлх газар нутгийг минь бусдын эрхэнд орно гэсэн стратегичдын таамаглал хэрхэн яаж хэрэгжих бол гэдэг анхааарал татна. С.Хантингтон мөргөлдөөнөөр шийдэгднэ гэсэн бол Параг Ханна ямар ч дайн тулаан хэрэггүй, түрээслээд, худалдаад л авчихна гэсэн санаа дэвшүүлсэн. Үйл явдлын өрнөлөөс харахад худалдагдаж байгаа нь үнэний хувьтай юм.

Хятадын эдийн засгийн түрэмгийлэлд монголын эрх баригчид бууж өгч байна. Эдийн засгийн өнөөгийн бэрхшээл, хүндрэлийг даван туулах аргаа тэд газар нутгаа хятадын төмөр замын бодлогыг хүлээн зөвшөөрөх байдлаар шийдвэрлэх гэнэ. ОХУ-ын хувьд ч тэдний байдлыг бодит зүйл хэмээн мэдэрч байгаа учраас өөрсдийнхөө зүгээс хятадтай сөргөлдөхгүйгээр 47 дугаар өргөрөгөөс хойшхи газрыг хяналтандаа үлдээх дипломат мэхүүдийг угсруулан хийсээр байна. Шанхайд хятадуудтай 400 тэрбум долларын наймаа хийснийхээ дараахан оросууд монголын Ерөнхий сайдыг Санкт Петрбургт аваачиж уулзсан. Үүний дараахан “оросууд нарийн төмөр зам тавихад татгалзах зүйлгүй” гэсэн маягийн мэдээлэл тархсан нь Ерөнхий сайдын албатууд lost in translation болсон хэрэг бололтой юм. Учир нь УБ төмөр замын ойд ирсэн оросын төлөөлөгчид энэ мэдээллийг эрс үгүйсгэж, “тийм үг, яриа манай талаас гараагүй” хэмээжээ.

Монголын эрх баригчид хятадын стандарт руу шилжсэн нөхцөлд хойд хөршийн зүгээс 47 дугаар өргөрөөс хойшхи нутгийг хяналтнаасаа гаргачихгүйг хичээх болно. Тэд үүний тулд юу хийв?

Роснефть маш том буулт хийж, Монгол Улсад нийлүүлэх газрын тосныхоо үнийг Сингапурын биржийн үнэд тулгуурлан нийлүүлэх, газрын тосны хайгуулалт, олборлолтод хамтрахаар болов. Батлан хамгаалахын сайд С.Шойгу-гийн санаачлагаар “Элегест-Кызыл-Курагино” төмөр замыг монголын нутгийн гүн лүү сунгаж, Эрдэнэттэй холбох саналыг монголын Засгийн газарт хүргүүлэв. Республика Бурятия буюу Буриад орон хэмээх холбооны субъектэд улсынхаа нэрийг “Хойд Монгол” гэж өөрчлөх хөдөлгөөнийг өрнүүлж, Дум-д санал хүргүүлж байна. Ингэхдээ Калмыкия-Хальмг Тангч, Тува-Тыва, Чечень- Ичкерия зэргээр ОХУ-ын бусад субектууд нэрээ өөрчилсөн явдлыг жишээ болгон дурдав. В.Путин Халх голын ялалтын ойд хүрэлцэн ирэх боломжоо судлахаар амлав. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, орос улсын баатар Н.П.Патрушев ирээд, буцав. Энэ бүхэн бол ОХУ монголын хойд хэсэгт бэхжих, нөлөөллөө алдахгүй байх бодлогын илрэл.

Хятадуудын хувьд 47 дугаар өргөрөг хүртэлх нутгийг хяналтандаа оруулах ямар арга зам байгаа юм бэ? Энэ бодлогыг аль 1912 онд хятадын анхны Ерөнхийлөгч Сүн Ят Сен гаргачихсан юм. “Хятадын төмөр замын үндэсний үзэл” гэдэг бол шинэ зүйл биш. 1894 онд хятадын хувьсгалч Сүн Ят Сен төмөр замыг “амьдралын судас” гэж нэрлээд үүнийг гео-политикдоо ашиглах талаар номлож эхлэсэн байдаг.

2013 оны 8 дугаар 21-нд УИХ-ын гишүүн Г.Батхүү удирдан, ШУА-ийн Олон улсын стратеги судлалын хүрээлэн, Их Британийн Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн болон бусад холбоод, ТББ-ууд хамтран явуулсан “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” Эрдэм шинжилгээний бага хурал дээр Кембрижийн Их сургуулийн профессор, доктор Урадын Э.Булаг энэ талаар онц сонирхолтой илтгэл тавьсан.

Э.Булаг “Хятадын төмөр замын үндэсний үзэл ба Монгол” илтгэлдээ “1912 онд Сүн Ят Сен монголыг хятадтай төмөр замаар саадгүй холбох нь хамгийн чухал гэж цохон заахын зэрэгцээ хятадыг хүчирхэгжүүлэх 33 төмөр замын чиглэлийг санал болгосон” гээд газрын зураг үзүүлсэн дээр эрх баригчдын зураад байгаа маршрут дүрээрээ байх юм.(газрын зураг 2. Эх сурвалж weibo.com)

Доктор Э.Булаг илтгэлдээ Сүн Ят Сений “Jianguo Fanglue” (Үндэстнийг хөгжүүлэх стратеги) гэх ном нь төмөр замын үндэсний үзлийн талаарх орчин цагийн хятад хүний бичсэн хамгийн амбицтай ном гэсэн дүгнэсэн нь бий.

Сүн Ят Сен “төмөр зам улсыг нэгтгэж, батлан хамгаалах чадварыг сайжруулна. Бүгд найрамдах хятад улсын мөхөл, сэхэл нь энэ арга хэмжээн дээр тогтно” хэмээжээ. Орчин цагийн хятадын төрийн бодлогын үндсийг тавьсан энэ хувьсгалч “Төмөр зам нөөцийг гадагшаагаа зөөж дуусгах, төмөр замын дагуу хан үндэстний суурьшлыг бий болгох, төмөр замын дагуух газрын үнэлэмжийг өсгөх ач холбогдолтой” гэж сургасан аж. Сүн Ят Сен “төмөр зам барих асуудалтай хамтад нь шинээр суурьшигчдын асуудлыг шийдвэрлэх, төмөр замын дагуух газар нутгийг өөрийн болгох, колоничлох талаар анхаарахыг” зөвлөжээ.

1913 онд хятадууд Богд хааны засгийн газарт Бээжин-Жанчхүү-Бугат-Хүрээ гэсэн чиглэлийн нарийн төмөр тавих зургийг өгч, хэрэгжүүлэхийг шаардсан байдаг. Тэр цагт монголчууд “үндэсний эрх ашиг” гэдэг ганцхан хэмжүүрээр асуудлыг харж, татгалзсан хариу өгч чадаж байлаа.

Доктор Э.Булаг илтгэлийнхээ төгсгөлд хийсэн дүгнэлт монголчуудад сургамж болохоор юм. “Хятад: хана хэрмээр өөрийгөө хамгаалж, тусгаарлагч улсаас тэлэх бодлогоо төмөр замаар хэрэгжүүлэгч улс болон хувирч байна. Энэ өөрчлөлт гурван бодлогоор дэмжигднэ. 1.Төмөр зам барих нь баялаг дуудна. 2.Өөр бүс нутгийн ард иргэдийг нэгтгэнэ. 3.Хилийн бүс рүү хан үндэстний суурьшлийг эрчимжүүлснээр үндэсний батлан хамгаалах систем хүчирхэгжинэ. Иймээс төмөр зам барих нь улс төр, эдийн засгийг хамарсан гео стратегийн асуудал болсон” Сүний энэ бодлогыг хятадууд Төвд, Шинжаан, Манжуурт хан үндэстнийг суурьшуулахдаа ашиглаж, асар их туршлага хуримтлуулаад байгаа билээ. Төвд рүү тавьсан өндөр хурдны төмөр зам нь эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй боловч гео политик, хан үндэстний суурьшлын хувьд өндөр ач холбогдолтой төсөл юм.

Ганц Монгол ч биш БНХАУ-тай хил залгадаг Мъянмар, Вьетнам, Лаос, Киргиз, Казахстан улсууд төмөр замын царигийн асуудалд өөрсдийн хатуу бодлого баримталдаг.

БНХАУ-тай хуурай газраар хил залгадаг улсуудаас зөвхөн БНАСАУ л 1435 мм-ийн цариг буюу хятадын стандартыг баримталж бусад улсууд нь бүгд төмөр замын царигаа зориуд өөр стандарттай байлгахаар төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлж байдаг.(газрын зураг 1. Эх сурвалж unescap.org)

Монголын төмөр замын бодлого нь үндэсний язгуур эрх ашгийг баримталсан байдлаар гарсан ч улс төр дэх хятадын талыг баримтлагч бүлэг царигийн асуудлыг олон нийтэд анхнаас нь гуйвуулж, улс төржүүлж ойлгуулах ажлыг 6 жилийн турш тасралтгүй хийж иржээ. Ингэхдээ тэд дэлхий нийтээрээ хятадын стандартыг баримталдаг, хятадаас айх аюул огтхон ч байхгүй гэх суртал нэврүүлгийг асар их зардалтайгаар, удаан хугацааны турш явуулж ирсэн. Хямд, зардал багатай гэдгээр гул барин ирээдүйд учрах хүндрэлийг бүрхэгдүүлэх, анзааруулахгүй байхыг чармайж байна.

Хятадыг тойрсон улсууд бүгд хятадтай эдийн засгийн харилцаатай байх, хятадын аврага зах зээлээс боломжоороо өөрсдийн өгөөжийг хүртэх эрмэлзэлтэй. Вьетнам улс гэхэд түүх, соёл болон засаглалын хэлбэрийн хувьд хятадтай маш ойр байж, эртнээс дотно харилцаатай явж ирсэн. “Нэг улс, хоёр систем” гэх Дэн Сяо Пиний бодлогыг хуулбарлагч гэж өөрсдөө ил тод зарладаг үндэстэн. Гэтэл тэд хятадын 1435 мм-ийн царигийг бус өөрсдийн 1000 мм царигийг хилийн худалдаандаа байлгах бодлогыг хатуу хэрэгжүүлдэг байх юм. Тэдэнд хятадын эдийн засгийн нөлөөлөлд орохгүй байх төрийн хатуу бодлого, эрс шийдэмгий байр суурь байдгийг далай дахь жижиг арлуудын талаар хийж байгаа маргаанаас нь дэлхий нийт тод харсан байх.

Казахстан тодорхой хугацаанд хятад руу нарийн царигтай төмөр замаар худалдаа хийж үзээд, төд удалгүй больж, 1520 мм-ийн царигаа баримтлах болсон ажээ. Монголоос бусад бүх улсын бизнес, улс төрийн орчинд хил дээр дугуй солих, шилжүүлэн ачихад зарцуулагдах 3 долларын талаар бодсон л байж таараа.

Тусгаар улс байхын утга учир нь өнөө маргаашийн хэдэн зоосны хожоо биш, өнө уртдаа тусгаар байдал, хөгжил цэцэглэлтээ хадгалахад л оршдог. Тийм учраас монгол, хойд солонгосоос бусад үндэстнүүд эдийн засгийн тусгаар байдлаа 3 доллараас илүү үнэтэй гээд 1435 мм-ийн нарийн царигаас татгалзсан хэрэг.

Одоогоор Хятадын төмөр замын царигийг зөвшөөрсөн ганц улс болох БНАСАУ-ын эдийн засаг өнөөдөр хятадын хяналтанд оржээ. Эдийн засгаа дагаад улс төрийн нөлөөлөл, жолоодлого ч бий болсныг үгүйсгэхэд хэцүү.

Монголын эрх баригчдын эндүүрэл ба эмгэнэл

Нарийн царигийн төмөр зам тавьсны маргаашнаас хятадаас мөнгө бөөн бөөнөөрөө урсан орж ирэхийг ухуулах монголын улс төрчдийн төсөөлөл хэтэрхий гэнэн, туйлын богинохон ажээ. Урьд нь нүүрс зөөх автозам тавигдангуут мөнгө цутгаад ороод ирнэ гэж ухуулдаг байсан. Мөнгө биш өр л зөөгдөж байгаа. Үнэ ч сайнгүй. Гол нь нарийн төмөр зам гээч нь зүүн, баруун хүрдтэй машин шиг зохицуулалтын тэс өөр стандарт, журамтай тээврийн хэрэгсэл бөгөөд монголын тал нийтдээ 500 км хүрэхгүй нарийн төмөр замд зориулан хөдлөх бүрэлдэхүүн авах нь эдийн засгийн ямар ч ашиггүй тусах болно. Монголын зүтгүүрийг хятадын нутаг дээгүүр далай хүртэл явуулах ч бүтэшгүй үлгэр. Гадны зүтгүүр байтугай автомашиныг нутаг дээгүүрээ явуулахгүй хуультай улс.

БНХАУ-ын төмөр замын хуулийн дагуу хөдлөх бүрэлдэхүүн болоод ажилтан, мэргэжилтнүүд бүгд хятадынх байж гэмээ нь хятадын нутгийн гүн рүү нэвтрэнэ. Өөр техник, технологи, хятад ажилтнуудтай ойлголцох монгол мэргэжилтнүүд огт байхгүй. Тэгэхээр шинэ төмөр замын дагуу хятад мэргэжилтнүүд ажиллах болно. Удаан хугацаагаар ажиллах тул гэр бүл, суурьшлын асуудал дагалдах нь тодорхой. Байнгын суурьшил, их орлого нь яваандаа хатгаж, түвэг удан нутгийн иргэдтэй маргаан, мөргөлдөөн үүсгэх нь ч бас тодорхой. БНХАУ-ын батлан хамгаалах үзэл баримтлалд “гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа хятадын иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд цэрэг, зэвсгийн хүчийг ашиглана” гэж тов тодорхой заасан байгаа.

Нарийн төмөр замаас татгалзах хамгийн эхний шалтгаан бол хятад иргэдийн суурьшил бий болох явц юм. Эдийн засгийн нөлөөлөл, хяналт бол дараагийн том шалтгаан. Энэ бүхнийг сааруулах цорын ганц арга нь монголын төмөр замчид өөрсдийн мэддэг чадддаг стандарт, технологиор төмөр замаа өөрсдөө ажиллуулах явдал билээ.

47 дугаар өргөрөг хүртэлх нутгийг хяналтандаа оруулах стратегийн хэрэгжилт маш энгийн. Яарах хэрэггүй. Алхам алхмаар худалдан ав, гартаа оруул, бэхж. Үүнийг захын улс төрч мэдэрч, харж байгаа. Хараагүй, мэдээгүй дүр үзүүлж байгаа нь монголын эрх баригчдын эмгэнэл болж байна. Тэд 5 мянган жилийн турш өмнөдийн бодлогыг сөрж, оршин тогтнож чадсан хүчирхэг өвгөд дээдсийнхээ сүр сүлдний өмнө шившиг болох цаг ирлээ. Энэ байдлаараа бол 2035 он гэхэд 47 дугаар өргөрөгөөс урагш газар нутаг хятадын бүрэн хяналтанд орж, Хонгконг шиг засаг захиргааны тусгай бүс болох тухай weibo сүлжээгээр тархах жиргээнүүд биеллээ олж эхэлжээ.

Синик(хятадын) иргэншлийн тэлэлт зайлшгүй бөгөөд үүнийг эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх, олон улсын харилцаан дахь нөлөө, оролцоогоо нэмэгдүүлэх, бүс нутгийн асуудлаарх Хятадын байр суурийг тэргүүлэх гүрнүүд сонсохгүй байхын аргагүй нөхцлийг бий болгох зэргээр зугуухан хэрэгжүүлсээр байна. “Орчин үед ийм юм болно гэж юу байдаг юм. НҮБ энэ тэр зүгээр хараад суухгүй байлгүй” гэж өөрийгөө тайвшруулж суугаа гэнэхэн улс төрчтэй би таарсан. Би түүнд болон түүнтэй адил сэтгэж буй бүх хүнд нэг асуулт тавъя. – Крымыг өөртөө нэгтгэж, Украйныг дээрэлхэж байгаа ОХУ-ын эсрэг НҮБ, барууны гүрнүүд юу хийж чадаж байгаа юм бэ?

ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавина гэж сүржигнэж, сүржигнэж эцэст нь хэдхэн албан тушаалтанд визний хориг тавьж, гадаад дахь хөрөнгийг нь царцаахаас хэтэрсэнгүй. БНХАУ-ын иймэрхүү үйл хөдлөлд бол тэд бүр ч сул хариу өгөх, эсвэл таг дуугүй суух болно.

Ардчилагч Э.Бат-Үүл “Найман Оны Сонгууль” нийтлэлдээ “Хятад хүн, хятад үндэстнийг би хүндэлдэг. Бас тэдний хийж бүтээснийг, амьдрах ухааныг биширдэг. Харин би хятадын улстөрчид, хятадын эрх баригчдын улс төрийн бодлогоос болгоомжилдог, яагаад гэвэл тусгаар тогтнолоо зовон байж олсон Монгол Улсын иргэн, төрийн түшээ учраас” гэж стратегийн мэдрэмжтэй улс төрчийн хувиар бичиж байлаа.

Энэ бол монгол хүн бүрийн тэр дундаа улс төрчдийнх нь байнга санаж явах ёстой үг болов уу, ялангуяа одоо.

Р.Батсайхан

Харилцааны стратеги судлагч



Шинээр

Copper price bears are out as first surplus in six years predicted
[Нийтэлсэн: 04.04.2018 ]
[Эх сурвалж: ]
Rio Sees $5 Billion Copper Expansion on Track Amid Probe
[Нийтэлсэн: 27.03.2018 ]
[Эх сурвалж: ]
Rio to build power plant at Oyu Tolgoi copper-gold mine in Mongolia
[Нийтэлсэн: 26.02.2018 ]
[Эх сурвалж: ]
Apple in talks to buy cobalt directly from miners
[Нийтэлсэн: 22.02.2018 ]
[Эх сурвалж: ]
Australian coal exports valued at AUS$56.5 billion in 2017
[Нийтэлсэн: 19.02.2018 ]
[Эх сурвалж: ]
Armed Forces celebrate graduation of officers from Mongolia
[Нийтэлсэн: 19.02.2018 ]
[Эх сурвалж: ]

Get Flash to see this player.