www.unuudur.com » Dacia Duster машины дизайнер Монгол залуу намайг гайхшруулав. Тэрээр чехээр чөлөөтэй ярьдаг ажээ.

Dacia Duster машины дизайнер Монгол залуу намайг гайхшруулав. Тэрээр чехээр чөлөөтэй ярьдаг ажээ.

[Нийтэлсэн: 16:27 14.12.2017 ]

www.unuudur.com

Dacia Duster болон Sandero загваруудын харагдах байдал, өнгө төрхийг Тунгаагийн Эрдээ гэх энэ залуу тодорхойлжээ. Эрдээ Duster-ын эхний загвараар зогсохгүй мөн 2018 оны 1-р сард зах зээлд гарах дараагийн загварын дизайныг бас тодорхойлох юм. Sandero Stepway-ын төрхийг ч мөн Эрдээ бүтээсэн аж. Монголд төрж өссөн тэрээр одоо Парисд амьдарч байна.

Aktuálně.cz мэдээллийн сайт түүнтэй ярилцсан бөгөөд энэ нь Чехийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч буй анхны ярилцлага гэнэ. “Би чех шар айрагт дуртай” гэж тэр гэнэт чехээр хэлж биднийг гайхшруулав. Тиймээ, Чех хэлээр ярьдаг Франц улсад амьдардаг Румын машины Монгол дизайнер.

Хэрхэн Монгол гаралтай зохион бүтээгч залуу дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэрлэгчийн нэг Renault-ын гол дизайнеруудын нэг болж, Dacie-гийн загваруудын өнгө төрхийн бүтээгч болов? Ямартаа ч Эрдээ бол дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсан Монгол гаралтай ганц зохион бүтээгч гэдэг нь маргаангүй юм.

Тэрээр Renault үйлдвэрийн дизайнераар ажилладгийн зэрэгцээ Nissan-ы Infiniti загвар дээр хамтран ажилласан бөгөөд Румыны Dacia Duster-ын 2010 оны 2018 онд худалдаанд гарах загваруудыг бүтээжээ.

Эрдээгийн түүх үнэхээр сонирхол төрүүлэм. Энэ нь Чехийн хэвлэлд өгч буй түүний анхны ярилцлага юм:

- Та машины загвар тодорхойлдог хамгийн алдартай Монгол хүн гэдэг нь эргэлзээгүй. Энэ тухайд?

Автомашин үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажиллаж байгаа нутаг нэгтнүүд байгаа шүү.

- Гэвч та бол дэлхийд алдартай автомашины үйлдвэрийн экстерьерын дизайнер шүү дээ. Энэ ердийн үзэгдэл биш.

Тийм л дээ, Монгол улс гурван сая орчим хүн амтай, автомашины үйлдвэргүй орон.

- Улаанбаатарт өссөн хүү хэрхэн ийм амжилтанд хүрэв?

Би хүүхэд байхаасаа л машинд дуртай байсан. Дизайнер байх хүсэлтэй гэдгээ аав, ээждээ удаан ятгаж байж итгүүлсэн. Хэн нэгэн Чехословакийн UMPRUM гэдэг сургуулийг надад зөвлөсөн. Ингээд би Чехословак улс, Монгол улс хоорондын Хөгжлийн хамтын ажиллагааны тэтгэлэгт сургалтын хүрээнд Прага хот руу суралцахаар 1990 онд 19 насандаа ирж байлаа. Би чехээр ярьдаг (ред. Энэ өгүүлбэрийг Эрдээ гэнэт чех хэлээр хэлж намайг алмайруулав.)

- Та намайг гайхшрууллаа. Хэр удаан энд амьдарсан бэ?

Эхний нэг жил чех хэлний бэлтгэлд суралцсан. Ческа Липа, Теплице, Подебрады гэх хотуудад амьдарч байсан. Торгон хувьсгалыг ч үзсэн. UMPRUM-д элсэлтийн шалгалт өгч 2-рт шалгарч байлаа.

Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж, сургалт төлбөртэй болж хүндрэлтэй байдалд орсон. Тиймээс би Карлын Их сургуульд элсэн орж Урлагийн түүх, эстетик чиглэлээр суралцсан. Нийтдээ Чехэд би 9 жил амьдарсан нь миний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг байсан. Эдгээр он жилүүдээ дурсах дуртай. Энэ орныг хайрлаж, хүмүүсийг нь хүндэлдэг, бас шар айрганд нь дуртай шүү.

- Renault -ын багт хэрхэн элссэн бэ?

Янз бүрийн дизайнерын тэмцээн уралдаануудад би их идэвхтэй оролцдог байлаа. Renault-ын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор зарлагдсан уралдаанд оролцон шалгарсан. Ингээд би Их Британы Coventry-ийн Их сургуульд суралцахаар болсон бөгөөд Renault-д өдгөө 17 жил ажиллаж байна.

- Шкода үйлдвэрт ажиллах сонирхол байсангүй юу?

Шкода гэснээс би саяхан Млада Болеслав дахь үйлдвэрээр нь энгийн зочин маягаар очиж үзлээ. Нээлттэй хаалганы өдрөөр нь манай найз намайг дагуулж очсон юм. Шкода надад таалагддаг, сайн машин үйлдвэрлэдэг чадварлаг үйлдвэр шүү.

- Та ер нь ямар машинуудын загварыг бүтээж байсан бэ?

Хамгийн анхны маань ажил бол Renault Wind нэртэйгээр хэрэгжсэн концепт байсан юм. Мөн Барселона дахь дизайны студид, Samsung-д мөн Токио хотод Infiniti-д ажиллаж байсан.

- Улмаар та Dacie дээр ажилласан уу?

2008 онд танилцуулсан Sandera -гийн эхний генерацийн загварыг зохион бүтээсэн, дараа нь Infiniti дээр ажиллаж байсан. Дараахан нь би Европ руу дуудагдаж Duster-ын эхний генерацийн загвар дээр ажлаа эхлүүлсэн.

- Хамгийн энгийн хямд машиныг зохион бүтээх даалгавар авах ямар байдгийг асуумаар санагдлаа? Хатуу тогтоогдсон санхүүгийн хязгаартай үед ажиллах хүсэл, сонирхол байдаг уу?

Тийм шүү, тодорхой тогтоогдсон санхүүгийн хязгаартай үед үнэхээр амаргүй. Ийм үед онцлог дизайны хэв маягийг гаргах хүндрэлтэй байдаг. Гэвч үүний зэрэгцээ энэ бол сорилт юм. Би ганцаараа бус маш чадварлаг гишүүд бүхий томоохон баг энэ ажлыг хийдэг гэдгийг дахин сануулмаар байна. Тэдэнгүйгээр амжилт гарахгүй юм.

- Dacie дээр ажиллах нь бусад брэндийн дизайн дээр ажиллахаас ялгаатай гэсэн үг үү?

Бусад үйлдвэрүүд ч мөн санхүүгийн эсвэл ямар нэгэн өөр хязгаарлалттай байна шүү дээ. Dacie-гийн хувьд энгийн, бат бөх, тэсвэртэй машиныг зорилго болгосон. Энэ бол тухайн брэндийн үзэл баримтлал. Элдэв дизайны чимэг, нэмэлтгүй.

- Dacie Duster-ын шинэ загвар мөн л энэ зарчмаа хадгалсан уу?

 

Тиймээ, бид бат бөх, хүчирхэг, энгийн машин бий болгох зорилгоо үргэлж санаж байсан. Үүнийг зэрэгцээ цаг үеэ дагасан байх ёстой гэдгийг мартаагүй. Бид зорилгодоо хүрч чадсан эсэх нь удалгүй харагдах байх, гэвч би хувьдаа сэтгэл хангалуун байгаа.

- Шинэ Duster-ын арын гэрлүүд Jeep Renegade-ийг эсвэл зарим Итали, Франц загваруудыг санагдуулсан мэт сэтгэгдэл төрсөн. Тэднээс санаа авсан болов уу?

Тийм яриа байгаа, гэвч төстэй гэрлүүдийн санаа эхний генерацийн загвар дээр гарч байсан юм. Чухам энэ деталь нь үйлдвэрлэлийн үнийг нэмэгдүүлсэн зүйл шүү дээ. Гэрлүүд кузовны захад байрлах ёстой байдаг. Duster-ын 2-р генерацийн загвар дээр энэхүү деталийг илүү боловсронгүй болгох боломж бидэнд эхний амжилтыг үндэслэн олдсон юм.

- Та өөрөө ямар машинд илүү дуртай вэ?

Renault буюу Dacie дээр ажилладаг учир үүнийг хэлж байгаа юм биш, гэхдээ би хувьдаа энгийн дүр төрхтэй машинуудад дуртай. Renault 4 автомашиныг маш их үнэлдэг, эхний генерацийн Fiat Panda, 60-аад оны сүүлийн Итали машинууд, бас Японы kei cars таалагддаг. Эдгээр нь мөн чанараараа байдаг, ямар нэгэн тоглолт, жүжиглэлтгүй, шударга санаа нь таалагддаг юм.

Ярилцсан: Eva Srpová

Орчуулсан: Ж.Сайханзаяа

Эх сурвалж: https://zpravy.aktualne.cz/ekonomika/auto/mongolsky-designer-ktery-navrhl-dacii-duster-pri-rozhovoru-p/r~aa92ebecde8b11e794dbac1f6b220ee8/?_ga=2.34807719.781745756.1513044667-918837703.1505752158&redirected=1513152350

 



Шинээр

Mongolia Celebrates 60 Years in the United Nations
[Нийтэлсэн: 03.11.2021 ]
[Эх сурвалж: ]
SouthGobi Announces Profit Warning and Business Update
[Нийтэлсэн: 29.10.2021 ]
[Эх сурвалж: ]
Coal truckers stuck at Mongolia-China border
[Нийтэлсэн: 29.10.2021 ]
[Эх сурвалж: ]
Chile protests take toll on Antofagasta quarterly output
[Нийтэлсэн: 23.01.2020 ]
[Эх сурвалж: ]
Metallurgical coal prices starting to slip: Fitch
[Нийтэлсэн: 02.10.2018 ]
[Эх сурвалж: ]
Copper price plunges to 1-year low
[Нийтэлсэн: 14.07.2018 ]
[Эх сурвалж: ]
Global Religion and the United Front: The Case of Mongolia
[Нийтэлсэн: 11.07.2018 ]
[Эх сурвалж: ]
Thermal coal prices hit 6-year high
[Нийтэлсэн: 09.07.2018 ]
[Эх сурвалж: ]
Former Rio Tinto exec jailed for corruption in China let free
[Нийтэлсэн: 09.07.2018 ]
[Эх сурвалж: ]

Get Flash to see this player.